одоо таны зориг хүрэхгүй байнуу

2016-12-04,

Бодож санаж явдаг бүхнээ үйлдэл болгоно гэхээр нэг л юм дутуу санагдаад болж өгөхгүй байна уу?
Айдасдаа дийлдэж хойшоо суусаар байна уу?
Бүх зүйл бүтэхгүй, болохгүй байгааг гомдоллож суух амархан. Харин зориг гаргаж өөрөө бүхнийг даван туулна гэдэг хамгийн хэцүү зүйл. Дугуй унаж чаддаггүй хүмүүсийн ихэнх нь унахаас айдаг. Тэгэхээр тэдэнд эр зориг дутагддаг юм байна. Чамд ч бас зориг дутаад байгаа юм биш биз?

Яг одоо зориг хүрэхгүй байна уу?

Ажлаа сольж дуртай зүйлээ хиймээр байгаа ч буруу зүйл хийх гээд байгаа мэт санагдаж байна уу?
Нэг танил маань хүүхэд байхаасаа л нисгэгч болохыг хүсдэг байсан ч үүнийгээ нууцалж өдөр бүр л дургүй ажилдаа урам муутай гарч явдаг байж. Тэгээд нэг өдөр би яг юунд ингэтлээ гуниглаад байгаа юм бэ? гэж өөрөөсөө асууж л дээ. Манай хүний хувьд өөрт нь байсан ганц асуудал бол дутагдаад байгаа дургүй ажлаа орхиод хүсч байгаа зүйлээ хийх эр зориг л байсан юм. Эцэст нь тэр сар бүрийн тайлан мэдээ гэдэг жижиг асуудалтай бус өөрөө өөрийнхөө айдастай тэмцэх маш том зүйлтэй нүүр тулсан юм даа. Бүх зүйлийг дахин тэгээс эхэлж, гэр бүл нь дургүйцэж байсан ч түүний хувьд сонгосон зам нь огтхон ч буруу мэт санагдаагүй гэсэн. Мэдээж тэр сайн нисгэгч болж чадсан. Багагүй хугацаа, хичээл зүтгэл шаардсан ч гэсэн түүний хэлснээр эр зориг гаргах л юм бол тэд бүгд өчүүхэн жижиг зүйл аж. Гэхдээ Гоолингоо нь чамайг яг одоо ажлаа орхиод хүссэн зүйлээ дагаад яв гэж хэлж чадахгүй. Учир нь найз бол хамгийн сайн зөвлөгч л байдаг. Хамгийн эцсийн үр дүнг зөвхөн чи л амсах учраас эцсийн шийдвэрт чи өөрөө л зориг гарган хүрэх учиртай. Гэхдээ нэг л амьдрах энэ богинохон цаг хугацаанд яагаад зориглоод хүсч байгаа зүйлээ оролдоод үзэж болохгүй гэж?

Бусдад “Үгүй” гэж хэлэх хэцүү байна уу?
Чи бол бирд эсвэл бурхан биш. Хэн нэгнийг гомдоохоос эсвэл уурлуулахаас айна гэдэг бол жинхэнэ том айдас. Ээждээ, аавдаа, найздаа татгалзана гэдэг буруу зүйл шиг санагдаад өөрт чинь төвөгтэй байсан ч зөвшөөрчихдөг бол одооноос өөрийгөө өөрчил. Зоригтойгоор өөрчил. Хамгийн түрүүнд бодол санаагаа өөрчилж бусдад заримдаа “Би боломжгүй байна” гэж хэлж сураарай! Өөрийгөө илүү зоригтой илэрхийл. Би чадна гэж бардам хэл бас чадахгүй гэдгээ ч айлгүй хэлж сур.

Чамд таалагдахгүй байгаа харилцааг орхиод ахин шинэ хайр дурлалын түүх эхлүүлэх хэцүү санагдаж байна уу?
Бас л зориг дутаад байгаагийн шинж. Дэлхий дээр маш олон хүн байна. Гэтэл чамд тохирохгүй байгаа хэн нэгнийг өөртөө тааруулах гэж зовж шаналж байхаар яагаад өөр харилцааг бий болгож болохгүй гэж. Эсвэл нэг хэсэг өөрийгөө энэ байгаа орчноосоо хөндийрүүлж болно шүү дээ. Чи хэзээ ч бусдыг өөрчилж чадахгүй, цаг хугацаа өнгөрөх тусам чи өөрөө өөрийгөө л тэр хүнд тохируулах гэж өөрчилсөөр ирсэн мэт санагдах болно. Заримдаа зүгээр л орхиод явах эр зоригтой байх хэрэгтэй. Чи мөнх амьдарч чадахгүй шүү дээ. Бусдыг таних гэж цаг хугацаагаа үрж байхаар энэ богинохон амьдралаа өөрийгөө эрж хайхад зарцуулах нь туйлын зөв шийдвэр байх болно.

Мөрөөдлөө биелүүлэх гэж тэмүүлэх тусам чиний хүссэнээр болохгүй байна уу? Зүгээр дээ, шантралгүй зоригтой бай!
Бүх л хүн мөрөөдлөө хайж амьдралаас эрэл хайгуул хийсээр байдаг. Заримдаа чамд алим идмээр санагдаж, алим идээд дууссаны дараа дахин өөр зүйл идэхийг хүсдэг шиг хүн гэдэг туйлын их шуналт ертөнцийн амьтан. Аль болох өөрийгөө тайван байлгаж цаг нь ирэхээр амьдралдаа зоригтой эргэлт хийхэд бэлэн бай. Хэрвээ чи жинхэнэ мөрөөдлөө олж өөрөө өөрийгөө жаргалтай байлгамаар байгаа бол одоо ч түүнийгээ зоригтойгоор эхлүүлэх боломжтой шүү дээ. Яг одооноос шантралгүй зоригтойгоор бүх зүйлийг эхлүүл. Мөрөөдөл биелдэг бус мөрөөдлийг биелүүлэх зоригтой бай.

бичсэн: Эм зүйн 107 төрөл: бусад
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax