хадам ээжийг буулгаж авах 5 арга

2016-12-04,

Хадам ээж чинь чамд нэг бус удаа таагүй хандаж байсан уу? Хэрвээ тийм гэсэн хариултыг чи өөртөө өгсөн бол энэ нийтлэл чамд яг тохирно. Ингэж авиргүй аашлах бүрт нь чи буулт хийсээр л байх уу? Яг одооноос эхлээд өөрөө бууж өгөх биш хадам ээжийгээ буулгаж сур.

Хадам ээжийг буулгаж авах 5 арга

Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг
Юуны өмнө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж сурах хэрэгтэй. Жам ёсоор бол хүнд нэг л аав нэг л ээж байх ёстой. Гэтэл хайртай хүний чинь ард хайрлуулах шалтгаантай хэд хэдэн хүн байдаг. Эдгээрээс хамгийн нөлөөтэй нь хадам ээж юм. Тэр анхнаасаа л чамд шалтгаангүйгээр таагүй хандаж эхэлсэн. Одоо бол энэ байдал бүр ч даамжирсан. Түүний ээж чамд хэрхэн хандаж байгаагаас шалтгаалан хариу үйлдэл барих нь хамгийн зөв алхам гэдгийг онцолж байна. Үргэлж хүлцэнгүй байхын оронд хааяа ч болов өөрийнхөө байр суурийг хамгаалж бай. Гэхдээ чиний тухай асуудлыг сонирхоогүй байхад нь өөрөө түрүүлж ам нээх хэрэггүй гэдгийг санаарай.

Хавхыг “томруулж” болохгүй
Шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг томрохоос нь өмнө шийд. Хадам ээжтэй холбоотой маш олон хүнд хэцүү асуудлууд гарч ирдэг. Хадамтайгаа хамт амьдардаг бол энэ нь бүр ч тод мэдэгдэх болно. Чиний үйл хөдлөл бүхэн хадмын чинь сэтгэлд таалагдах ёстой болно. Ямар нэг маргаан үл ойлголцол гарах бүрт тухайн үед нь ярилцаж шийдвэрлэж бай. Эс тэгвэл хадам ээжийн асар том “хавх” чамайг юунд ч хүргэж мэднэ.

Өөрт хамаагүй асуудалд хошуугаа бүү дүр
Бусдын асуудал бол бусдын л асуудал. Хайрт чинь гэр бүлийнхэнтэйгээ маргалдах үед чи мэдээж түүнийхээ л талд зогсоно. Гэвч энэ нь тэдний гэр бүлийнхэнд чи хүүд нь хайртайдаа өмөөрч байгаа бус харин хэрэгт дуртайдаа энэ асуудалд оролцож байгаа мэтээр ойлгогдох болно. Тиймээс тэдний гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс битгий оролц. Энэ чамд ч, тэдэнд ч ашигтай. Хэн хэнийхээ гэр бүлийн асуудалд хутгалдахгүй.

Түүний хүү чамгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг ойлгуул
Хайртад чинь гэр бүлийнхэн нь мэдээж чухал. Бас ямар ч тохиолдолд тэр чамайг сонгохоос татгалзахгүй. Тиймээс чамайг юман чинээ тоодоггүй хадам ээждээ хааяа ч гэсэн хариуг нь өгч байх хэрэгтэй. Учир нь чи түүний хүүд хамгийн хэрэгтэй хүн нь. Тиймээс үүнийг хадамдаа хааяахан далд утгаар ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь хоол хийж байхдаа “Б ч миний гарын цуйванд нугасгүй дуртай шүү, тийм болохоор өнөөдөр цуйван хийнэ ээ” гэх мэтээр өөрийгөө сайн гэрийн эзэгтэй гэдгээ харуул. Энэ нь чи өөрөө өөртөө үнэнч үлдэж байгаагийн нэг илрэл юм. Гэхдээ юу ч болсон тэр чиний хайртай хүний чинь ээж гэдгийг санах хэрэгтэй.

Ээжийнхээ саналыг өөрт ашигтайгаар эргүүлж сур
Та хоёрыг шинэ байранд нүүж ороход хоёр талын аав ээж нар мэдээж боломж бололцоогоороо тусламж үзүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ чи өөрийн эцэг эхдээ бодол санаагаа шуудхан хэлж чадна. Харин түүний гэрийнхэнд яг өөрийн бодлоо хэлэхэд заримдаа төвөгтэй санагдаж, баг өмсөх шаардлага гардаг. Магадгүй хадам ээжийн чинь сонгож өгсөн хөшигний өнгө таалагдахгүй байвал шуудхан эсэргүүцэхээсээ өмнө яаж өөрт таалагдсан хөшигөө авах талаар бодоод үзээрэй. Ингэхийн тулд түүний хүүг бага зэргийн өгөөш болгон “Б тийм өнгөнд дуртайшдээ. Цаадахад чинь энэ өнгө нь таалагдах байх аа” гэх мэт заль ашигла. Ингэснээр зөвхөн өөрт таалагдах мөн гэрт чинь тохирох сонголтыг хийж болох юм.

Дээрх таван аргын тусламжтайгаар чи хэцүүхэн хадам ээжийгээ буулгаж авах боломжтой боллоо. Гэхдээ ямар ч тохиолдолд хэтрүүлэх хэрэггүй. Юу ч болж байсан тэр чиний хайртай хүний ээж, чиний хадам эх гэдгийг санах хэрэгтэй. Бас хандлагаа өөрчлөөд үзэхэд илүүдэхгүй.

бичсэн: Эм зүйн 107 төрөл: бусад
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax