хор хөнөөлөл

2016-11-17,

хар тамхи хэрэглэчихээд нэг мэдэхэд цүнхэндээ хийгээд хилээр гарсан байсан

       Zaluu.com сайтаас зохион байгуулж буй “Хар тамхины эсрэг аян” үргэлжилж байна. Бид энэхүү аяныхаа хүрээнд хар тамхи гэх "цагаан тахал"-ын аймшигт хор хөнөөлийн талаар сурвалжилж хүүхэд залуусдаа үнэнийг хүргэж, үүнээс болж амьдралдаа алдаж эндсэн иргэдийн үнэнийг өгүүлсэн гэмшлийн үгийг хүргэхийг хүссэн юм.

Өмнөх ярилцлагаараа 40 гаруй насандаа найзынхаа дайсан зүйлийг авч яваад Хятадын хил дээр саатуулагдан Хятадын шүүхээс цаазын ял сонссон Энхээ гэх эмэгтэйн ярилцлагыг хүргэсэн бол энэ удаад хар тамхийг сонирхож хэрэглэснээсээ болж 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ганаа гэх эмэгтэйтэй ярилцлаа. /эмэгтэйн хүссэнээр нэрийг нь бүтнээр нь бичсэнгүй/

Бид ШШГЕГ-ын  харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хар тамхины хэргээр ял эдэлж буй эмэгтэйчүүдтэй ярилцсан ярилцлагаа цуврал болгон хүргэж байгаа билээ.

Энэ оны эхний арван сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 76 хэрэгт 176 хүн холбогдон шалгагджээ.

-Хар тамхины уршгаар олон арван хүн эрүүл мэнд, эрх чөлөөгөө хасуулж байна. Таны хувьд хар тамхийг хэрэглэж байгаад ял сонсов уу, эсвэл зөөж тээвэрлэж яваад ял сонсов уу?

-Би найзтайгаа уулзахаар Хонконг руу явсан юм. Тэгээд тэнд очоод найзтайгаа хамт шөнийн цэнгээний газарт орсон. Тэнд л хүмүүстэй танилцаад сонирхож байгаад хар тамхи хэрэглэж үзсэн. Үүнээсээ болж өнөөдөр ял авчихаад байна.

-Та өөрөө сонирхоод хэрэглэчихэв үү. Эсвэл танилцсан хүмүүс чинь хэрэглэ гэж ятгаж дарамтлав уу?

-Би өөрөө сонирхоод л хэрэглэчихсэн. Ганцхан удаа юм чинь, тэгээд ч анх удаа хэрэглэж байгаа юм чинь нэг л татаад үзчихье гэж бодсон. Түүнээс биш өөрийгөө ингэж донтож, ял авах хэмжээнд хүрчихнэ гэж бодоогүй. Саваагүй хийсэн үйлдлээсээ болж, өнөөдөр амьдралдаа хар толбо үлдээж, гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

-Та ер нь тэнд хар тамхи хэрэглэдэг хүмүүстэй холбоотой байсан уу?

-Үгүй ээ. Хар тамхины тухай сонсож л байснаас нарийн ширийнийг нь мэддэггүй байлаа. Тэр нэг гайтай өдөр шөнийн цэнгээний газар явж байгаад нэг гадаад хүнтэй танилцаад тэр хүн хар тамхи хэрэглэж үзэх үү гэж асуухаар нь татчихсан юм. Ёстой сонирхоод л хэрэглэж үзсэн. Тэгээд хилээр авч гарах гэж байгаад баригдаад хорих ялаар шийтгүүлчихээд байна.

-Яагаад хилээр авч гарсан юм бэ. Өөрөө хэрэглэх гэж үү. Эсвэл хэн нэгэнд худалдах гэж үү?

-Авч гарах сэдэл ерөөсөө ч байгаагүй. 14 хоногийн турш хар тамхи хэрэглээд өөрийн гэсэн ухаангүй байсан. Бараг өдөр шөнөгүй л хэрэглэж бйасан болохоор өөрийнхөө гар тээшинд хар тамхи хийснээ ч мартчихаж. Тэгээд л Буянт-Ухаа нисэх буудлын гааль дээр баригдсан.

-Танд хар тамхи хэрэглэхийг санал болгосон хүн аль улсын иргэн байсан бэ. Мэдээж тэр хүн хар тамхи хэрэглэдэг л байсан байх. Ямар нэгэн бүлэглэлтэй холбоотой байсан юм биш биз дээ?

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрөө хар тамхи хэрэглэдэг Хонконг хүн байсан.

-Та Хонконгт хэр удсан бэ?

-14 хоног л болсон. Тэр хугацаандаа хэрэглээд л монголдоо ирээд баригдсан даа.

-Бүхэл бүтэн 14 хоног хэрэглэхэд таны биед ямар өөрчлөлт гарч байна. Мэдээж биед тань их муу байх?

-Тийм шүү. Биед асар их сөрөг нөлөө гарна. Эрүүл мэнд, эрх чөлөө гээд бүх зүйлээрээ хохирч байна. Хар тамхи хэрэглэж байхдаа бүх зүйлээ мартаад сайхан болж байгаа юм шиг боловч дараа нь хамаг бие өвдөж сульдаж, би асаргаанд байдаг хүн шиг хэн нэгний тусламж асаргааг хүснэ. Эв эрүүл сав саруул байж, өвчтэй хүн шиг байдалтай байхыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Би зүгээр л хэвтрийн хүн шиг байнгын асаргаатай хүн шиг л болдог асар муу нөлөөтэй юм билээ.

-Хоригдож байх хугацаандаа та юу бодож байв?

-Ахиж л хар тамхи хэрэглэхгүй юм шүү. Хар тамхинаас болж 3 жилийн ял авч амьдралдаа хар толбо үлдээлээ. Цаашид үүнээс л илүү аймар зүйлтэй учрах вий, үүнээс л илүү аймшигтай байдалд орох вий гэхээс айж байна.

-Та хэдэн грамм тамхи авч гараад ял авсан бэ?

-Миний хувьд 3.4 граммыг авч гараад л ийм өндөр ял авсан. Тиймээс залуучууддаа гэж хэлэхэд санаатай болон санамсаргүй байдлаар ерөөсөө битгий хар тамхи хэрэглээсэй гэж хүсч байна.

-Ер нь та хар тамхины бүлэглэлийн тухай сонсож байсан уу?

-Үгүй.

-Хүүхэд залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Анхны удаа, ганцхан удаа гэж ерөөсөө бодож болохгүй. Хэрэглэж байгаа хүмүүсийг харахад ганц удаа л сонирхоод хэрэглээд үзье гэж боддог юм билээ. Тэгээд л донтоод амьдралаа орвонгоор нь эргүүлж байна. Хүүхэд залуучууддаа хэлэхэд хар тамхийг огт битгий хэрэглээрэй гэж л захимаар байна. Хар тамхинаас болж өчнөөн олон хүн өргөст торны цаана хайртай хүмүүсээсээ хол эрх чөлөөгөө хасуулан амьдарч байна. Бие махбодиороо хохирч байна. Хамт хоригдож байгаа хүмүүсийнхээ яриаг сонсоход хар тамхи хэрэглэснээсээ болж амь насаа алдсан хүмүүсийн тухай ч сонслоо. Залуучууд минь хар тамхинаас л хол байгаарай гэж дахин захиж байна.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax