уран зохиол

2016-11-17,
Уран зохиолын төрөл зүйл Уран зохиолын түүхэн хөгжлийн хэв төлөвийг уран зохиолын аймаглал гэдэг. Уран зохиолын асар олон бүтээл туурвилыг ийнхүү аймаг болгож аймаглах үндэс нь “Яаж дуурайлгах” арга журмын ялгаанд оршино. Үүнд “Нэг бол Гомерын бичдэг шиг өөрийн биеэс ангид өөр хэрэг явдлыг хүүрнэн өгүүлж байгаагаар (Энэ нь туульсын зохиолын аймаг), эсвэл дуурайлгагч нь биеэ төлөөлж, өөрөө ярьж байгаагаар (Энэ нь уянгын зохиолын аймаг), эсвэл дүрслэгдэгч бүх хүнийг ажиллаж амьдарч үйлдэж хөдөлж байгаагаар нь (Энэ бол жүжгийн зохиолын аймаг ) туурвин дуурайлгаж болно гэж Аристотель уран зохиолын гурван үндсэн аймгийг ангилан тодорхойлсон юм. Өгүүлэгч нь өөрийн болоод өөр бусдын хэрэг явдлыг тоочин хүүрнэн ярьж байгаа мэтээр үнэн байдлыг дүрсэлсэн бүх зохиолыг туульсын зохиолын аймаг гэнэ. Туульсын аймгийн зохиолд шүлэглэсэн үргэлжилсэн ямар ч байсан хэрэг явдал, хөдөлгөөн байдлыг хүүрнэн ярьж байгаа юм шиг бичдэг нэг онцлог бий. Ийм учраас туульсын зохиолыг бас хүүрнэн өгүүлэх зохиол гэж нэрлэдэг байна. Туульсын зохиол олонхдоо том хэмжээтэй. Үнэн байдлын элдэв үзэгдлийн улмаас төрсөн санаа бодол, сэтгэл урмаа зохиолч өөрөө то Туульсын ба уянгын зохиолын ялгаа нь гэвэл гаднаас нь үзэхэд туульсын зохиол их төлөв үргэлжилсэн үгээр бичигддэг, бас их хэмжээтэй зохиол байдаг. Туульсын зохиолд зохиолчийн ярих эрх хязгааргүй байдаг. очин ярьж байгаа мэтээр бичсэн бүх зохиолыг уянгын зохиолын аймаг гэнэ. Уянгын зохиол ихэвчлэн бага хэмжээтэй шүлэглэсэн зохиол байдаг. Гэвч бас томоохон хэмжээтэй ч бий. Бас үргэлжилсэн үгээр бичигдэх ч ёс бий. Туульсын ба уянгын зохиолын ялгаа нь гэвэл гаднаас нь үзэхэд туульсын зохиол их төлөв үргэлжилсэн үгээр бичигддэг, бас их хэмжээтэй зохиол байдаг. Туульсын зохиол үйл явдлыг голлоно. Уянгын зохиолд үйл явдлыг онцлохгүй. Зохиолын баатарууд нь өөрснөө үйлчилж зөвхөн өөрснөө л ярьж харилцаж хэрэг явдалд оролцож байгаа мэтээр үзүүлсэн зохиолыг жүжгийн зохиолын аймаг гэнэ. Тайзан дээр баатарууд нь өөрсдөө амьдран, тэмцэж, ярьж харилцаж, зан байдлаа илэрүүлэхээр бодож зохиосон бүх зохиолыг жүжгийн зохиолын аймагт хамааруулна. Туульсын зохиолд хүн хүний явдлыг тайлбарласан байдалтай, уянгын зохиол бол хүн өөрийн сэтэгэл санааг тайлбарласан маягтай. Жүжгийн зохиолын тухайд гэвэл тэр нь олон талаараа туульсын зохиолтой ойролцоо байдаг. Уран зохиолын гурван аймаг нь түүхэн үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл уран зохиолын эдгээр аймаг цөм өөр өөрийн үүсэл хөгжлийн түүхтэй үзэгдэл бөгөөд тухайн улс үндэстний нийгмийн хөгжлийн онцлог, нөхцөл, хэрэгцээ, ахуй ёсноос шалтгаалдаг зүйл юм. Эдгээр гурван үндсэн журмаас гадна агуулгын их багын хэмжээ, гол баатаруудын шинж чанар, дүрсэлж байгаа зүйлд зохиолчийн хандаж байгаа байдал зэрэг олон зүлийг баримтлан зохиолын аймаг нэг бүрийг олон төрөлд хувааж, төрлийг бас дотор нь олон зүйлд хувааж ялгадаг байна. Туульсын зохилын төрөл зүйл 1.Тууль Туульсын зохиолын хамгийн том хэмжээтэй, хамгийн их агуулгатай, нийгмийн амьдралыг олон арван жилээр хамран авч, маш өргөн хүрээтэй дүрсэлсэн зохиолыг тууль гэнэ. Дээр үед нийгмийн амьдралыг ингэж их хэмжээгээр хамарсан, том хэмжээний шүлэглэсэн үлгэр, яруу найргийг тууль гэдэг байжээ. Туульд нийгмийн хөгжлийн бүхэл үеийг улиран хувьсах хөгжих явц дунд нь үзүүлдгийн дээр түүний дотор гаран баатарууд нь нийгмийн анги бүлэг давхарга бүхнийг төлөөлөн гарсан хүмүүс, төрөхөөсөө аваад үхтлээ, эсвэл бүр үр ачдаа хүртэл дүрслэгдэнэ. Тууль бол туульсын аймгийн хамгийн том зохиолын хувьд ард нийтийн аж байдал, хэв заншлын зүйл, тухайн нийгмйин ёс дэглэм, хүмүүсийн ёс суртахуун, урлагийн үзэл, боловсролын байдал зэрэг нийгмийн тал бүрийг тусган харуулдаг байна. Туулийн гол онцлог бол нийгмийн амьдралын нэвтэрхий толь чанартаа хамгийн өргөн дэлгэр, гүн гүнзгий дүрслэл байх ёстойд оршино. Туульд нэг хэдэн хүний хувь заяа төдий биш, бүхэл нийгмийн хувь заяаг яруу тодорхой дэс дараалан хувьсал дунд нь үзүүлдэг гол ялгаа бий. 2. Роман Туульсын зохиолын дотор агуулгын их багын хэмжээгээр их туулийн дараа орох шүлэглэсэн эсвэл үргэлжилсэн үгийн (хүүрнэлийн) зохиолын нэгэн төрлийг роман гэнэ. Романы дотор нэг хүний биш, хоорондоо холбоо бүхий хэд хэдэн хүн, олон арван хүн, магадгүй, хэд хэдэн үеийн (эцэг, хүү, ач гуч) хүний аж төрлийг хамран үзүүлэх, нийгмийн элдэв анги, үе давхаргын байдал, түүний хэдэн арван жилийн явдал түүхийг хувьсал өөрчлөлт, хувь заяаны эрс эргэлт, хөрвөлтийн нь хамтаар үзүүлэх гойд онцлог байдаг. Романы агуулгын энэ өргөн цар хүрээ, хэрэг явдлын гүн нарийн харилцаа, зөрчил, тэмцлийг үзүүлдэг далайцтай, нийгмийн утга учир хандлага чиглэлийг зохиолчийн тодорхой үзэл баримтлалын үүднээс ялган салгаж үнэлэн үзүүлдэг онцлог бий. Романыг түүний сэдэв, утгын буюу дүрслэгдэхүүний нь харгалзан түүхэн роман, нийгмийн аж байдлын роман, уран зөгнөлт роман гэх мэтээр хэд хэдэн зүйлд хуваан ангилж болно. Роман гэдэг нь анх роман хэлээр бичигдэн агуулга, хэлбэрээрээ туйлын олон янзын шүлэглээгүй үргэлжилсэн үгийн зохиолыг нэрлэдэг нэр байжээ. Хожим роман гэдэг үгийг анхны тэр утгаар нь бус, харин гол төлөв үргэлжилсэн үгийн үйл явдалт том хэмжээний хүүрнэлийн зохиолыг нэрэлэх болжээ. 3. Тууж Үргэлжилсэн үгийн дунд хэмжээний туульсын зохиолын төрлийг тууж гэнэ. Туужийн дотор их төлөв хүний амьдралын нэг үеийн явдлыг дүрслэн үзүүлдэг байна. Хүн аж амьдралдаа бага нас, идэр залуу үе, сургуулийн үе, цэргийн алба буюу албан ажил хийсэн үе, өтөлж хөгшрөх үе зэрэг хэд хэдэн үеийг өнгөрөөдөг байна. Үүний аль нэгийг буюу эсвэл хоёр гурвын зэрэг үеийн байдлыг дүрслэн үзүүлсэн зохиолыг тууж гэдэг байна. Түүнээс гадна хүний амьдралын нэг тийм үеийн хамаг утга агуулгыг багтаасан хэсэгхэн үеийг нь маш өргөн дэлгэр хэмжээгээр үзүүлсэн зохиолыг мөн тууж гэж байна. Туужийн дотор тууль роман хоёрыг бодвол нийгмийн амьдралыг олон талаас нь бүрнээ тусган харуулах бололцоо бага байдаг. 4.Найраглал Нийгмийн болон хүний аж төрлийн дотроос ямар нэгэн сэтгэл догдлом сүр жавхлант томоохон хэрэг явдал, гайхамшигт хүмүүсийн зан чанар, хүний их үйлсийг ёс мэт шүлэглэн хүүрнэх томоохон хэмжээний уянга туульсын нэг төрлийн зохиолыг найраглал гэнэ. Энэ бол чухамдаа шүлэглэсэн тууж мөн боловч догдолсон сэтгэлийн илэрхийлэл болсон шүлэглэсэн үгээр бичигдэх тул түүнд утга уянгын санаа аяс нэвтэрхий, цэцэн оновчтой товч дүрслэл ихтэй зэрэг шинжээрээ жирийн /үргэлжилсэн үгийн/ туужаас ялгаатай юм. Найраглалд хүний аж төрлийн хэд хэдэн үеийг хамарсан дүрслэл гаргана. Найраглалд олон хүний харилцан үйлдсэн ээдрээтэй хэрэг явдлыг дүрсэлдэг байна. Найраглалд эрх биш хүний аж төрөлд тохиолдож болох тул явдлыг дүрслээд түүгээрээ гаргаж хэлэх гэсэн утга санаагаа илэрхийлдэг онцлогтой. 5. Өгүүллэг, туурь Агуулгын багтаамжаар туужаас бага хэмжээний үргэлжилсэн үгээр бичигдсэн туульсын нэг төрлийн зрхиолыг өгүүллэг гэнэ. Өгүүллэгт хүний амьдралын үзэгдлийг өчүүхэн хэсэг дээр нь дүрслэн үзүүлнэ. Нэг хоёр өдрийн дотор болсон явдал, эсвэл нэг газар болсон яльгүй явдлыг бичсэн зохиолыг өгүүлдэг гэдэг. Өгүүллэгт зохиолынхоо агуулгыг гаргахдаа хамгийн чухал зүйлийг маш нарийн сонгон авч бичих шаардлагатай болдог байна. Өгүүллэгийн дотор тоочин бичих зүйл их орж болдоггүй. Өгүүллэг бүрд нийгмийн амьдралын нэг хэсгийг маш хурцаар дүрсэлсэн олон өгүүллэг бичиж нийгмийг тал бүрээс нь гайхалтай сайхан харуулж болох юм. Өгүүллэгийн өөр нэг зүйл нь туурь /новелла/ юм. Хүний аж төрлийн элдэв хэрэг явдлаас өдөр бүр тэр болгон тохиолддоггүй, хүний сэтгэл санаа сонирхлыг илүү их татах сонин содон явдлыг дүрсэлсэн өгүүллэгийг туурь /сонин өгүүллэг/ гэнэ. Ерийн өгүүллэгээс түүний ялгагдах гол шинж нь гэвэл өгүүллэгт орчин үеийн амьдралд өдөр тутам дайралддаг ерийн явдлыг их төлөв дүрсэлдэг бол новелла гэмээх туульд өөрийн үеийн амьдралын чухал шинж чанарыг илэрхийлж байгаа боловч ер бишийн сонин гойд болгож дүрсэлсэн байдаг. 6. Найруулал Агуулгын хэмжээ багтаамжаараа өгүүллэгтэй адил төстэй боловч буух эзэнтэй буцах мөртэй бодтой хүний үнэхээр болсон хэрэг явдлыг хүүрнэн өгүүлэх туульсын нэг зүйл зохиолыг найруулал гэнэ. Иймд найруулал нь уг чанартаа орчин цагийн түүхэн баримтат зохиолын бага хэлбэр гэж хэлж болно. Зохиолын баатар дүрүүд нь ч үнэн бодтой, тэдэнд тохиолдсон хэрэг явдал нь ч үнэн магадтай байдаг талаараа аливаа өгүүллэг зэрэг зохиолоос ялгаатай тул энэхүү туульсын зохиолд дүрийг бүлэглэх, хэвийн шинжийг бүрдүүлэх, байгууламж хэлбэрийг бүтээх талаараа жинхэнэ уран зохиолоос нэлээд ялгаатай байна. Найруулалын бас нэг онцлог нь түүнд хэв шинжит зүйлийг багтаан найруулан бичихдээ олны дотор оршсоор байгаа түгээмэл чанарыг хадгалсан нэгж хүн, нэгж үзэгдлийг олж сонгох явдлаар нийтчилгээ дүгнэлт болгодог юм. 7. Ёгт үлгэр Сургаалын зорилго бүхий ёгтолсон бяцхан өгүүлэмжийг ёгт үлгэр гэнэ. Энэ бол их төлөв адгуусан амьтдын үлгэртэй адилавтар боловч хүний явдлыг далдуур ёгтлон адилтгадаг, тэр нь уншигчдад тов тодорхой мэдэгдэж байдгаараа ялгаатай юм. Ёгт үлгэрт гурван үндсэн онцлог байдаг. Үүнд нэгд, амьтдын ааш байдалд таарсан буюу өөрөөр хэлбэл, хэвшил болсон жижиг үзэгдэл эрх биш байх ёстой. Хоёрт, энэ үзэгдэл нь хүний амьдралд байдаг үзэгдэлтэй төстэй ёгт зэрэгцүүлэлтэй байвал таарна. Гуравт, үүгээрээ хүнд зан суртахууны ямар нэг сургаалыг өгөхүйц байх ёстой ажээ. Ёгт үлгэр бол маш товчхон үйл явдалтай өгүүллэг чанартай. Ёгт үлгэрийн зохиол зохиогдон гарахын үндэс нь эрт цагийн анчин, малчин ардуудын ухамсар хэзээ адгуус амьтныг хүнээс ялгах, тэдгээрийн хооронд байгаа нийтлэг адил төстэй талыг дүгнэн сэтгэх чадлыг олсон явдалд оршино. Туульсын аймгийн бусад төрөл зүйлс Аман зохиолын гаралтай тийм зохиолын дотроос туульсын төрөл зүйлд хамаарагдах нь домог-үлгэр, домог, үлгэр зэрэг болно. А. Домог-үлгэр Байгаль, нийгэм, хүний сэтгэхүйн ямар нэг юм үзэглийн мөн чанар үүсэл гарлын учрыг тайлбарласан маяг эрмэлзэлтэй, уран санаагаар ургуулан бодож зохиосон эртний үлгэрийн зохиолыг домог-үлгэр гэнэ. Жирийн үлгэрээс юугаараа ялгаатай вэ гэвэл байгаль, нийгэм сэтгэхүйн ямар нэг юм үзэгдлийн жинхэнэ учир шалтгааныг тайлбарлах гэсэн танин мэдэхүйн эрмэлзлийг тусгасан байдгаараа ялгаатай. Нөгөө түүхэн домгоос үнэхээр байсан ортой зүйлд тулгуурлан зохиогоогүй, харин байж болмоор санагдах ор үндэсгүй зүйлд тулгуурлан зохиогдсон байдгаараа ялгаатай. Б. Домог Бодит баримт, ортой түүхийн явдал буюу хүний үйл ажиллгааны ортой баримтаас эх аваад түүнийг хэтрүүлэн уран санаагаар чимэглэн үлгэрийн чанартай, урлан зохиосон туульсын нэг төрлийн зохиолыг домог гэнэ. Түүхийн үнэн бодот явдлыг бишрэн гайхах буюу эсвэл жигшин буруушаах аялгаар нэмэр хачир оруулсаар домог үүсдэг байна. Домогт хэдий итгэх аргагүй зүйл дүрслэгдэх боловч бас уг үзэгдлийн буюу хүний шинж чанарыг онож товойлгосон байх удаа ч бий. В. Үлгэр Нийгмийн амьдралын байдлаас дамын тусгал гаргаж уран санаагаар чимэглэн зохиосон хүүрнэн өгүүлэх туульсын нэг төрлийн зохиолыг үлгэр гэнэ. Үлгэр бол адгуусан амьтны, адал явдалт шидэт гэх зэрэг маш олон зүйлийн ялгаатай байдаг. Үлгэрийн нэг онцлог бол үнэн байдлаас хэтийдсэн уран санаа маш ихтэй байдаг явдал мөн. Утга уянгын зохиолын төрөл зүйлс 1. магтаал утга уянгын аймгийн зохиолын дотроос байгаль, нийгэм, хүний сэтгэхүйн ямар нэг юмыг бахдан сайжаах сэтгэлийн хөдлөлийг илэрхийлсэн нэгэн төрлийн зохиолыг магтаал гэнэ. Эртний грек-ромын утга зохиолд аливаа шүлэг дууллыг ода гэж нэрлэдэг байсан боловч хожим энэ утга нь алга болж, хүний аж төрлийн доторх агуу их хэрэг явдал, хүмүүсийн баатарлаг гавъяа зүтгэл, байгалийн гайхамшигт үзэгдлийг магтан дуулсан шүлэг дууг ода /магтаал/ гэдэг байжээ. Монгол ард түмний дунд магтаалын уянгат шүлэг эртнээс нааш уламжлан хөгжиж иржээ. Монголд гэр орны, алив нэг зан үйлтэй холбогдсон олон зүйл магтаал байдаг. Магтаалын олонх шүлэгт жирийн байр байдлаар нь тоочин магтах, тоочин дүрслэх аргаар үйл явдалгүй дүрсэлдэг байна. 2. Ерөөл Хүний хүсэл мөрөөдөл, ирээдүйн сайн сайхныг магтаж бахархах хүсэл мөрөөдлийн сэтгэл илтгэсэн утга уянгын аймгийн нэг төрлийн шүлгийг ерөөл гэнэ. Ерөөлийн зүйл маш олон янз бөгөөд монголын аман ба бичгийн зохиолд маш их хөгжжээ. Ерөөл бол бас үйл явдалгүй, үйл явдлын хэсэг оровч ерөөгчийн зөн билиг, ирээдүйн хүслийн сэтгэлийн баримт нотолгоо маягтай орсон байдаг тул үндсэндээ үйл явдалгүй уянгын зохиол байдаг. Ерөөл бол зохиогчоос уншигчидтай шууд ярьж байгаа маягаар зохиогддог тул уянгын зохиол гэнэ. Ерөөл бол ард нийтийн санаа сэтгэлийг төлөөлөн илэрхийлэхэд тохирсон бөгөөд олон зүйлийг чөлөөтэй холбон шүлэглэж хэлэх сайхан боломжтой уянгын том шүлэглэлийн хэлбэр мөн. 3. Гунигийн уянга Аж төрөл, ахуй орчиндоо сэтгэл ханамжгүйн улмаас гарсан уйтгар гунигийн сэтгэл урмыг илтгэсэн уянгын аймгийн нэг төрлийн зохиолыг гунигийн уянга гэнэ. Гунигийн уянгат шүлгийг епроп дахины утга зохиол “элегия” гэдэг нь гашуудал оршуулгын дууг анх нэрлэж байсан боловч хожим үүнийг гагцхүү гунигийн уянгын нэг онцгой зүйлд тооцох болжээ. 4.Уй гашуу, эмгэнэл харамслын уянга Эмгэнэлийн шүлэг Гунигийн шүлгийн өөр нэг зүйл нь эмгэнэлийн буюу уй гашуудлын шүлэг болно. Хүний хувийн буюу нийгмийн хайр хүндэтгэлийн хүлээсэн энхрий дотны хүний үхэх үрэгдсэний шалтгаанаар хоцрогсдын эмгэнэл гашуудал, харамслын хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн уянгын нэг төрлийн зохиолыг уй гашуу, эмгэнэл харамслын уянга гэнэ. Сүүлийн үед манай залуу яруу найрагчид дэлхий дахины суут их яруу найрагч нар, аймшиггүй тэмцэгч шударга эрдэмтэд, хувьсгалт тэмцлийн баатрууд, нэрт эх оронч нарт зориулсан эмгэнэлийн болон гунигийн уянга бичдэг болов. 5. Шог шүлэг Орчлонгийн юм үзэгдэл, хүний нийгэм, аж төрөл санаа сэтгэлийн муу муухай юмыг жигшин шүүмжлэх сэтгэлийг илтгэсэн уянгын нэг төрлийн зохиолыг шог хошин шүлэг гэнэ. Шог хошин хандлагаа туульсын болон зохиолд муу явдал, муу зан төрхтний үнэн бодтой хэрэг явдлаар нь дүрслэн гаргадаг бол хошин шог шүлэгт үүнийг зохиолчийн санаа сэтгэлээр шууд илэрхийлэн гаргаж үзүүлдэг онцлогтой юм. 6.Хоч шүлэг Хошин шог уянгын зохиолын өөр нэг төрөл нь хоч шүлэг юм. Тодорхой нэгэн хүний гэм дутагдлыг шүүмжлэн илтгэж шоолсон шүлгийг хоч шүлэг /эпиграмма/ гэдэг. Түүний дотор үнэхээр бодтой тодорхой хүнийг заан, түүний гэм дутагдлыг шоолон үзүүлдэг тул мөн найрууллын төрлийн зохиолтой төстэй боловч ийм шүлэг нь их төлөв зохиогчийн санаа сэтгэлийн элрэл болж шүлгээр бичигдэх учир нэг зүйлийн уянгын шүлэг гэж болох юм. Ёж хоч шүлгийн дотор бас бахархан сайшаасан, тоглоом тохуу хийсэн наргианы чанартай нэг зүйл шүлэг байдгийг бас найрсаг шог гэдэг байна. Энд үнэн байдлын зарим талыг хэтрүүлэн урнаар шоглон наргиа зугаатай аялга оруулж дүрсэлдэг бөгөөд хоч шүлгийн адил муу талыг нь шоолох биш, сайн талыг нь хөгжөөн хошигносон чанартай тул найрсаг шог байна. Найрсаг шог бол бахархан хайрлах санааг их элэгсэг өөриймсөг байдлаар илэрхийлсэн хэрэг. 7. Янаг амрагийн уянга Хүн төрөлхтний маш гүнзгий жинхэнэ хүн ёсны сэтгэлийн нэг болох янаг хайрын дэнсэлсэн сэтгэлийг илтгэсэн уянгын зохиолыг янаг амрагийн шүлэг /мадригал/ гэнэ. Аль ч улс орны утга уянгын шүлгийн дотор хайр сэтгэлийг илэрхийлсэн амрагийн уянга эртнээс уламжлалтай байжээ. Монголын ардын дууны дотор янаг амрагийн уянгын эх үндэс болсон амрагийн дуу маш олон байдаг. 8. Өхөөрдлийн уянга Үр хүүхдээ хайрлаж түүний хөөрхөн дүр төрх, ааш араншинд баясах сэтгэлийг илэрхийлсэн нэг зүйлийн уянгат шүлгийг өхөөрдлийн уянга гэнэ. Энэ уянгын шүлгийн эх нь ардын аман зохиолын өлгий дуу болно. 9. Иргэний уянга Эх орон, улс нийгмийн холбогдолтой чухал асуудлын талаар санаа бодол, эх оронч өрнүүн бадрангуй сэтгэл илэрхийлэх утга уянгын нэг төрлийн шүлгийг нийгэм улс төр, иргэний уянга гэнэ. Магтаалын буюу ерөөлийн уянгаас ялгаатай нь эх орон, байгаль, нийгэм сэтгэхүйн бахархмаар сайхныг магтах буюу эсвэл хүслэнгийн сайхныг өгүүлэх бус харин нийгэм улс төр, эх орноороо бахархаж байгаа иргэн хүний сэтгэл үзэл бодлоо элдэв зүйлд холбогдуулан илэрхийлэн бичдэгээрээ ялгаатай. Жүжгийн зохиолын төрөл зүйл Зохиолын өрөөл бусдын нэрэг явдал, зан төрх, утга учрыг үзүүлдгийн хувьд жүжгийн зохиол туульсын зохиолтой ойр, түүний баатарууд нь өөрийн бодол санааг баатар тус бүрийн уянгын зохиолтой төстэй боловч эл хоёроос хүний аж төрлийг үлэмж бие даасан, бодгалжуулсан байдлаар үзүүлдгээрээ ялгаатай. Жүжгийн зохиолын нэг гол онцлог нь түүний үйл явдлын шургуу зөрчил тэмцэлт шинжтэйд оршино. Жирийн 2 хүний маргаан зөвхөн мэргэжлийн хүрээгээр хязгаарлаад хүний тогтсон зан төрх, хүсэл эрмэлзэл, үзэл баримтлалын зөрчил тэмцэлд ургаж орохгүй бол тэр нь жүжгийн зохиолын үйл явдлын зөрчил болж чадахгүй. Жүжгийн зохиолын нөгөө нэг онцлог нь үйл явдлын нэгдэлтэй байдагт оршино. Ер нь зохиолын байгууламж нэг бүхэл бүтэн болох хэсгүүдээс бүтдэг боловч жүжгийн зохиолд үйл явдлыг тасралтгүй үргэлжлэх цөөхөн хэсэгт цомхотгож үзүүлдэг онцлогтой. Жүжгийн зохиолын гуравдугаар чухал онцлог нь түүний дотор үзүүлж байгаа хэрэг явдал ямагт тайзан дээр одоо цагт яг болж байгаа үзэгдлийн хувиар дүрслэгддэг нь болно. Ямар ч үйл явдлыг одоо цагт болж байгаа бөгөөд үзэгчдийн үзэх сонсох сэрэлд шууд тусах явдлын хэлбэрээр тайзны хүчин зүйл хэрэглэж үзүүлдэг онцлогтой. 1. Эмгэнэлт жүжиг Хүн хүнээс илүү сайн сайхан шинж чанар бүрдсэн гайхамшигт хүмүүс тодорхой нөхцөл шалтгааны улмаас олны харамсмаар сүйрэлттэй, эмгэнэлт байдалд аргагүй эрхээр орж байгааг биечлэн үзүүлэх нэг төрөл зүйлийн жүжгийн зохиолыг эмгэнэлт жүжиг гэнэ. Эмгэнэлт жүжиг /трагос-одэ ямааны дуулал/ анх эртний грекийн усан үзэм дарс исгэх үйлийг тэтгэх тэнгэр Дионис-ийг тахих зан үйлийн зүйлээс үүсэж гарчээ. Монголын уран зохиолд нүүдэлчин аймгийн аж төрлийн онцлогоос болж жүжгийн зохиол нэлээд хожим үүсэн бий болсон байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax