эсээ хэрхэн бичих вэ?

2016-11-25,

Эсээнээс юу олж мэдэхийг хvсдэг вэ?

Эсээнээс таныг хувь хүний чинь хувьд олж харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь хуулбараас харчихна. Харин эссенээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй. Эссег тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны эссег уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.

Хэрэв эссенд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна.


Хэмжээ
Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээ. Та заасан үгийн тооноос хэтрүүлж огт болохгүй. Энэ нь таныг аливааг задлан шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу гэдгийг чинь шалгаж байгаа хэрэг. Эссе бол таны сургуульд илгээж байгаа материалууд дотроос хянаж, хүссэнээрээ хийж болох цорын ганц зүйл гэдгийг ойлгоорой.

Тэд эссенээс юуг олж мэдэхийг хүсдэг вэ?
-
Сурах чадвар: хөдөлмөрч чанар, сэтгэн бодох, задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвар

-Хувийн чанар: өөртөө итгэлтэй, үнэнч, зорилготой, манлайлагч байх, бусдыг араасаа дагуулах, өөрөө өөрийгөө хурцлах чадвар

-
Мэргэжлийн ур чадвар:

өөрийн сонгосон салбартаа амжилт гаргахад нөлөөлөх туршлагуудыг хуримтлуулсан уу, бусадтай харилцах, бусдыг удирдах чадваруудад суралцсан уу зэргийг таны эссенээс олж мэдэхийг хичээдэг. Мөн дараах 3 асуултанд хариулт олохын тулд тэд таны эссег уншдаг.
-Та энэ сургуульд элсвэл амжилттай суралцаж чадах эсэх
-Та анги, хамт олондоо шинэлэг байдлыг бий болгож чадах эсэх
-Та бусад өргөдөл өгөгчдөөс хэр зэрэг давуу талтай, онцлогтой байна.
-Ингээд таны эссэг уншиж дуусахад Та бол энэ сургуульд сурахаар заяагдсан, үнэхээр тохирсон хүн яах аргагүй мөн гэдгээ нотолж чадсан байх ёстой юм.


Эссег хэн уншдаг вэ?
Шалгаруулалтын комисс гэж байх бөгөөд тэдгээр хүмүүс жил бүрийн шалгаруулалтыг хийдэг, маш туршлагатай хүмүүс байдаг. Тэд ямар хүмүүсийг сургуульдаа оруулах дуртай байдгийн талаар баримжаа мэдээлэлтэй болохын тулд та сургуулийн веб хаягаар ороод FAQ буюу хамгийн түгээмэл тавигддаг асуулт болон түүнд өгсөн хариултуудыг уншсан байхад зүгээр.

Яаж шалгаруулдаг вэ?
Ер нь бүхий л сургуулийн сонгон шалгаруулалтын үе шат нь адил гэхэд болно. Эхний ээлжинд 1-2 мэргэжилтэн бүх материалыг уншина. Ямар ч байсан таны материал хугацаандаа очсон л бол уншигдалгүйгээр хогийн саванд орно гэж байхгүй. Мөн TOEFL, GRE, GMAT зэрэг шалгалтанд минимум оноог нь авсан байвал шүү дээ. Тэд нэг эссег уншихад 10-40 минут зарцуулдаг. Комисс өдөрт дунджаар 100 орчим эссе уншдаг гэсэн тооцоо бий. Тиймээс тэд эссений эхний хэдхэн мөрөөс л тухайн эссег сонирхолгүй, сонирхолтой зэргээр тархиндаа ялгачихдаг. Ингээд таны материал авах, татгалзах, тодорхойгүй гэсэн гурван хайрцагны нэгэнд орно. Хэрэв таны материал тодорхойгүй гэсэн ангилалд орвол дараагийн хүн уншина. Хэрэв тэр дахиад л тодорхойгүй гэвэл сургуульд элсэх таны магадлал буураад л байх болно. Хэрэв элсүүлэхээр бол таны материалыг деканд өгөх бөгөөд декан зөвшөөрвөл та тус сургуулийн оюутан боллоо гэсэн үг. Тэгэхээр та энэхүү тодорхойгүй гэсэн ангилалд орохгүйн тулд аль болох гайхалтай сайн, ер бусын онцлог, бусдаас эрс ялгарахуйц эссе бичихээс өөр аргагүй юм.

Анхаарах зүйлс
Та чухам юу илэрхийлэх гээд байгаагаа тодорхой бичих ёстой. Та бол энэ сургуульд заавал сурах ёстой хүмүүсийн нэг гэдгээ та 2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй. Санаагаа ойлгомжтой илэрхийл. Таны эссе тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой. Түүнээс биш энэ бол эрдмийн ажлын судалгаа, өөрийгөө магтсан зохион бичлэг биш. Хөгжилтэй, сонирхолтой. Оновчтой хошигнож чадсан хүмүүс бусдад дандаа таалагддаг.



Сайн эссе бичихийн тулд:
-Ямар хэсгүүд дээр төвлөрөхөө тодорхойл
-Дарааллаа гарга
-Амьдралд тохиолдсон болсон явдлуудаасаа дурьдаж болно
-Танд энэ чиглэлээр сурахын юу нь сонирхолтой байгаа, юу сурахыг хүсч байна гэдгээ илэрхийл
- Эссены эхлэл ердийн “саарал” биш, харин богино түүх, ишлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно.
-Эссены төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон байх ёстой
-Бичиж дууссан эссэгээ хамгийн багадаа гурван удаа унших хэрэгтэй
-Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх буусан сэтгэгдлийг нь сонсох
- Өөрөө өөртөө чангаар унших хэрэгтэй


Муу эссе бичихийн тулд:
- Би 19** онд төрсөн, Намайг тэр гэдэг… гэх мэтээр эхлэх
- Эссены оронд товч намтраа бич
-Сонирхолтой, хөгжилтэй биш харин инээдэмтэй юм бич
-Уран яруу, уянгын халилтай үгээр бөмбөгд
-Компьютерийн зөв бичгийн дүрэм шалгагчид 100% найд
-Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйл бич
-Яагаад дунд сурсан, ажлаа олон дахин сольсон зэрэг дутагдлуудаа хаацайлан, тайлбар бич
-Худал зүйл санаанаасаа зохион, өөрийгөө илт дөвийлгөн бич

Эссэ гэж юу вэ?

Эссэ гэдэг үг нь Франц хэлний “essai” буюу туршилт, туршиц, оролдлого, найруулал, тойм гэсэн утгатай үгээс уламжлан тархсан байна.
Эссэ нь дараах үндсэн шинжтэй байна:

· Өгүүлэл, найруулал, нийтлэл, шүүмжийн аль алины шинжийг агуулсан харьцангуй богино хэмжээтэй хүүрнэл хэлбэртэй
· Эссээ нь өөрийн нарийн тогтсон бүтэц, бүрэлдэхүүн хэсэгтэй, бичлэгийн тодорхой арга, техниктэй сонгомол төрөл
· Эссээ нь загварт буюу мэргэжлийн, загварт бус буюу чөлөөт гэсэн хоёр түвшинтэы
· Тодорхой нэг асуудлын талаар зохиогчийн бодол бясалгал, эргэцүүлэл тайлбарламж шинжтэй
· Нэг зүйлийг олон талаас нь авч үздэг
· Баримт нотолгоог үндэс болгодог
· Уран дүрслэлийн арга, ур маягийг чөлөөтэй ашигладагп
· Зөвхөн зохиогчийн хувийн үзэл бодол илэрдэг учраас дэвшүүлсэн санаа нь нээлттэй /задгай/
· Уран зохиол-сонин нийтлэл-гүн ухааны бичлэг найруулгын завсарын шинжтэй байна.

Эссээ дараах дараах үндсэн дөрвөн хэв маягтай байна.


1.Хоорондоо цаг хугацаа, учирзүйн холбоотой үйл ба хэрэг явдлыг дараалан дүрсэлж өгүүлэх зорилготой - ХҮҮРНЭМЖ

2.Ямар нэг үйл явдэл, үзэгдэл юмсын талаар шинэ мэдээлэл өгч, учир шалтгааныг тайлбарлан таниулах зорилготой-ТАЙЛБАРЛАМЖ

3.Тодорхой хүн ба юмс үзэгдэл, газар орны гадаад төрх байдал, шинж чанарыг тодорхойлон дүрслэх зорилготой-ТООЧИМЖ

4.Ямар нэг зүйлийн талаар бусдад итгүүлж, үнэмшүүлэх, зүй тогтлыг батлан дүгнэлт хийх зорилготой-ЭРГЭЦҮҮЛЭМЖ


 Эссэ бичих үе шат, алхмууд

Эссээ бичих явц явц нь дараах таван үндсэн алхам дамжиж байж эцсийн бүтээл болдог байна. Эдгээр нь:

1.Бичихийн өмнөх буюу бэлтгэл шат

Энэ үе шатанд бичих зорилго, уншигчдаа тодорхойлох, сэдвээ сонгож хүрээ хязгаарыг нь тогтоох, бичих өнцөг, өнгө аяс, хандлага оноон олох, мэдээлэл цуглуулах, ангилах, эрэмбэлэн нэгтгэх цэгцлэх гэх мэт үндсэн алхмууд орно.

Энэ шатанд бичигч дараах дөрвөн асуултад хариулах ёстой.

1.Яагаад бичиж байна вэ

2.Хэнд зориулж бичих вэ

3.Юуны тухай бичих вэ

4.Чухам юу хэлэх гэж байна вэ



1. Эссээ бичихийн өмнө чухам хэнд зориулж бичих вэ? Гэдгээ тодорхойлох ёстой. Тухайлбал, та байгал хамгаалах сэдвээр бичих гэж байгаа бол бүх нийтэд, эсвэл насанд хүрэгчдэд, аль эсвэл хүүхдүүдэд, нэг бол говийнхонд, байгаль хамгаалагчдад, малчдад зориулж бичихээ тодорхойлно гэсэн үг юм. Үүнээс шалтгаалж сэдэв, дэд сэдэв, агуулга, зорилго нь өөр өөр байх болно.

2. Эссээний үндсэн бүтэц, бичих алхмууд
Эссээ нь бичих зүйлийнхээ гол санааг илэрхийлсэн түлхүүр өгүүлбэр бүхий ЭХЛЭЛ, түлхүүр өгүүлбэр болон эхлэл цогцолборт өгөглдсөн гол санааг лавшруулах, дэмжих, нэмэн өргөжүүлэх мэдээллүүдийг агуулсан ИХ БИЕ, эссээнийхээ санааг нэгтгэн дүгнэх, гол санаагаа тайлах, уншигчдад сануулах зорилго бүхий ТӨГСГӨЛ гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.



бичсэн: Эм зүйн 107 төрөл: эсээ
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax